Ховд аймгийн аялал жуулчлалын гол үзмэрүүд, тэдгээрийн байршил
ГУРВАН СЭНХЭРИЙН АГУЙ
///нягтлах.айраг.уулаар
Агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т д.т.д 1772 метрийн өндөрт Хойд Сэнхэрийн голын хөвөөнд оршино. Их, бага хоёр агуйгаас бүрдэнэ. Их агуй зүүн талынхаа хунхад алдарт зургаа хадгалан үлджээ. Агуй нь гантиг чулуунаас тогтсон бөгөөд уулын хормойгоос 100 орчим метрийн өндөрт байрлана. Агуйн дотор талын өндөр нь 15 метр. Агуй багтаамжийн хувьд асар том бөгөөд түүнд ороход эртний томоохон сүм юм уу, эс бөгөөс орчин үеийн томоохон театрт орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Агуйн 4 хунхад төрөл бүрийн амьтдыг маш уран хийц, зохиомжтойгоор улаан зосоор зурж дүрсэлсэн.
Нэгдүгээр хунх: Агуйн өнөөгийн түвшингээс 2 метр орчим өндөрт байрласан бөгөөд гүн нь 1.5 метр орчим. Эдгээр зайд 20 гаруй эвэр, зээр, могой хэлбэртэн зэргийг зуржээ.
Хоёрдугаар хунх: Багтаамжийн хувьд том тул түүний хананд олон тооны зургийг уран гоёмсог байдлаар зурах боломжтой байсан бололтой. Энэ хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, савгат хирс, цэн тогоруу зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан зуржээ. Арслан заан, савгат хирс зэрэг амьтад нь эрт цагт Монгол нутагт амьдарч байгаад дөрөвдөгч галавын үед мөхөж сөнөжээ.
Гуравдугаар хунх: Хоёрдугаар хунхаас нүхээр дамжиж энэ хунхад ороход ханан хадан дээр зэрлэг тэмээг том хэмжээгээр омголон төрхтэй дүрсэлжээ. Мөн эл хунхад янгир, нисэж яваа болов уу гэмээр шувуу, толбо, эвэр зэргийг дүрсэлжээ.
Дөрөвдүгээр хунх: Уг хунхад шувуу, гацуур мод, толбо зэргийг дүрсэлсэн бөгөөд маш их эрч хүчтэй харайж байгаа имж мэт амьтны зургаар агуйн зураг төгсөнө.
Сэнхэрийн агуйн зураг нь уран гоёмсог зохиомж, дүр дүрслэлтэй. Магадгүй эдгээр зургуудыг бийр мэт хэрэгслээр зурсан бололтой.
Сэнхэрийн агуйн зураг нь Монголын бусад хэсэгт буй хадны зургуудаас юуны өмнө агуйд байгаагаараа онцлог юм. Агуйн зурагт хүн төрөлхтөний урлагийн үүслийн эхэн үеийн шинж тэмдгүүд бүгд бий. Баруун Монголын агуйн энэ зурагт хүнийг дүрслээгүй цэвэр амьтны дүрст зургийн урлаг юм. Сэнхэрийн агуйн сонгодог зургуудаас бид Монгол Алтайн эртний зураачдын уран сайхны ертөнц, гоо зүйн мэдрэмжийг харж болно. Агуйн хананд зурсан зургууд нь алс холын Өрнө дахины палеолитын урлаг дахь амьтны аймагтай давхцаж буй нь сонирхолтой юм. Өрнөд Европын болон Хойд Сэнхэрийн агуйн зургууд нь амьтны аймгийн бүрэлдэхүүнээр бараг адил боловч зарим нэг амьтны тухайд өөр өөр өнгө аястай. Тухайлбал, Франц, Испаны агуйн зурагт тэмээг огт дүрслээгүй бол, Сэнхэрийн агуйн зурагт тэмээний дүрс бий. Учир нь гуравдагч галавын үеэс тэмээ Дундад Азийн амьтны аймгийн бүрэлдэхүүнд орж, мөн үеэс Дундад болон Төв Ази тэмээний өлгий нутгийн нэг болжээ. Тийм ч учраас Төв Ази, Өмнөд Сибирийн хадны зурагт тэмээг түгээмэл дүрсэлсэн байна. Түүнчлэн Хойд Африкийн Синайн арлын хадны зургуудад “элсэн цөлийн хөлөг” хэмээн нэрлэгддэг ганц бөхт тэмээг дүрсэлсэн байдаг аж.



РАШААНТЫН ХҮРХРЭЭ
///тэтгэдэг.хэмжигч.мэднэ
Рашаантын хүрхрээ нь Чандмань сумын нутагт Жаргалант хайрхан ууланд орших бөгөөд их, бага 2 хүрхрээ бий. Их хүрхрээ нь 46 м өндрөөс, бага хүрхрээ нь 24 м өндрөөс бууна. Энд мөн дотор эрхтэн, ходоод гэдэс, элэг, цөсөнд сайн гэж рашаан бий. Рашаантын рашаан нь бидний элэнц өвөөгийн үед элэг цөс, дотор ходоод, нүд, зүрх, үе мөч зэрэг төрөл бүрийн өвчин эмнэхэд уудаг дээрээ тангад үсгээр бичсэн тайлбартай, модон онгоцтой олон төрлийн рашаан байдаг байсан ба нутгийн иргэд баруун аймгийнхан маш их хэрэглэдэг.

ХАР-УС, ХАР, ДӨРГӨН НУУР
Хар-Ус нуур нь асар олон тооны усны шувуудын үүрлэж, өндөглөдөг, нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг гол чухал газар бөгөөд хамгаалалтын маш ач холбогдолтой нутаг учир “Олон улсын ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай” /Рамсар, Иран, 1972/ олон улсын конвенц, мөн шувуудын чухал газар /IBA/, Унаган шувуудын газар нутаг /EBA/-ийн шалгууруудыг хангаж хавсралт жагсаалтанд бүртгэгдсэн газар юм.
Хар нуур: 574.8 км2 талбайтай, дундаж өргөн нь 15.7 км, урт нь 36.8 км, баруун болон баруун хойт талд нь Гэзэгхайрхан, Гэзэгсайхан, Таван хар зэрэг уул толгод, Чоно харайхын гол хүртэл үргэлжлээд Хар, Хар-Ус нуурыг зааглана.

Дөргөн нуур: Хар нуурын өмнөд хэсэгт орших 305 км2 талбайтай. Хамгийн өргөн нь 17 км, хамгийн их урт нь 24 км хүрдэг говийн томоохон нуурын нэг юм. Дөргөн нуурын хөвөөнд Чандмань сумын байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүдийн ажиллуулдаг Дөргөнэ хатан жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг.
Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт Агваш арал, Алаг уул, Юмын хоолой, Бөлбөөтийн тохой, Жанжин овоо, Рашаантын хүрхрээ зэрэг үзэсгэлэнтэй газрууд олон бий.

АГВАШ АРАЛ:
///багшлах.холын.залгамжлагч
Арал нь уулархаг зарим хэсэгтээ нам толгод, гүвээ элбэгтэй. Хамгийн өндөр цэг нь д.т.д 1440 м өргөгдсөн. Агваш нэрний тухай домог хууч яриаг нутгийнхан нь ярилцдаг. Эрт үед олон хүүхэдтэй айл байжээ. Хүүхдийнхээ тоог аягаар нь тоолдог байж. Гэтэл нэг удаа нутаг сэлгэн нүүжээ. Орой хоолоо идэцгээж хүүхдүүдийнхээ аяганд хоол хийж өгөхөд 1 аяга эзэнгүй үлджээ. Аав нь эргээд ирэхэд Агваш нэртэй хүүхэд нь буурин дээрээ тоглоод сууж байжээ.

ЖАНЖИН ОВОО
///хөлтөн.цугларал.отор
Дарви сумын нутагт урдаасаа хойш 64 м, баруунаасаа зүүн тийш 72 м голчтой, д.т.д 1139 м-т 11 м өндөртэй овоо байдаг.

ЗАГАЛ БААТРЫН ХИРГИСҮҮР
///түүнийх.хандах.нийгмийн
Дарви сумын нутагт орших Загал баатрын хиргисүүр нь өндрөөрөө 11 м, голчоороо 70 гаруй метр том юм. Нутгийн иргэд түүнийг Загал баатрын хиргисүүр, Өндөр овоо гэх зэргээр нэрлэж ирсэн. Энэхүү хиргисүүр нь Монгол орны хамгийн том хиргисүүр юм.
СУТАЙ ХАЙРХАН
///наалт.элэгсэх.түлшээр
Сутай хайрхан нь Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд талд Говь-Алтайн Дарви, Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумуудын заагт оршдог. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий. Ноён оргил Цаст богд нь д.т.д 4234 метр өндөр бөгөөд Сутай хайрхан уул 60 км сунаж тогтсон. Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 сарын 02-ны 41дүгээр тогтоолоор Говь-Алтай, Ховд аймгийн дунд орших Төрийн тахилгат Сутайхайрхан уулыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан.
ШАХААТ
///хатавч.түрээс.уусдаг
Цэцэг сумын төвөөс 15 км газарт байх өндөр хар толгойн хойд үзүүрт Ард Аюуш нь Да лам Жамбаа, гүн Маньбазар нартай зарга нэхэж шаахайдах, талхидах, хулс шаах, банздах, хонгор азарга, мүглэнд суулгах, савсага, төөнөх, туйпуу сугалах гэсэн есөн эрүү шүүлтээр тамлуулан эцэст нь шахаанд шургаснаар хэрэг заргаан авч ялалтанд хүрсэн түүхэн газар юм. 1979 онд Ард Аюушийн мэндэлсэний 120 жилийн ойгоор Шахаатад 2 м өндөр “Эрх чөлөөний хөдөлгөөний цогт тэмцэгч үндэсний баатар Ард Аюуш 1959-1939” гэсэн үг бүхий дурсгалыг самбар босгожээ. 2019 онд Ард Аюушийн мэндэлсэний 160 жилийн ойгоор Ард Аюуш цогцолборын бүтээн байгуулалтын ажил хийгдэж Аюушийн суугаа хөшөө, есөн эрүү шүүлтэнд орж буй хөшөө, заргын бичиг сийлсэн чонотой хөшөө зэрэг нийт 12 хөшөө дурсгалыг бүтээн босгосон байна.

АЛДАР ТОЛГОЙ
///өмсөхөө.цацруулах.аягалах
Цэцэг сумын төвөөс баруун хойд зүгт 12 км байх талын намхан бор толгойг “Алдар толгой» гэнэ. Энэ толгод дээр тэртээ 1903 онд харц Ард Аюушаар удирдуулсан эгэл ард (Цэцэг нуурын дугуйлан)-г байгуулж монголын ард түмнийг Манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдтой тэмцэж хошуу ноёндоо заалдах, Богд хаант засагт өргөн мэдүүлэх 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичиг үйлдэж байжээ. Цэцэг нуурын дугуйлангийн 165 гишүүд Алдар толгойд цуглан хуралдаж нэрээ мөнгөн аягыг тойруулан (хэн нь толгойлж буйг мэдэгдэхгүй байх үүднээс) тойруулан бичсэн байжээ. Алдар толгойг нутгийн ардууд сайн эрчүүд чуулдаг заргын тэнгэр хийморийн толгод хэмээн билэгшээн хэрэг заргаан даатган хол ойрын хүмүүс зорин ирж сүсэглэн залбирдаг газар юм.
БААТАРХАЙРХАНЫ НУРУУ
///гүнжийг.хэлсээр.яараад
Алтайн 13 хайрханы нэг бөгөөд д.т.д 3984 м өргөгдсөн, мөнх цаст уул юм. Зуны улиралд Зэрэг сумын иргэд Баатархайрхан ууланд зусдаг бөгөөд зусландаа зөвхөн тэмээн жингээр нүүдэл хийж гардаг. Баатархайрхан уул нь янгир, угалз, ирвэс, чоно зэрэг ховор амьтадтай. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд баруун Монгол дахь Алтай Соёоны бүс нутаг дахь Баатар хайрхан уулын ирвэсийн тоо толгойг автомат камерын тусламжтайгаар тооллоход (2017 онд) 34 бодгаль нас бие гүйцсэн ирвэс байгааг тогтоожээ.

БАЯНЗҮРХИЙН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ
///далбааг.сурав.нунтаглагч
Энэхүү хөшөө нь Мөст сумын Баянзүрх багийн төвийн орчимд д.т.д 2502 метрийн өндөрт оршино. Монгол орны хүрэл зэвсгийн үеийн дурсгалуудын дотор буган чулуун хөшөө онцгой байр суурь эзэлдэг. Буган чулуун хөшөөг эдүгээ зарим судлаач баруун хойд Монголын биеэ даасан соёл хэмээн үзэж байна. Археологичдын судалгаагаар өдгөө Монгол орны нутгаас нийт 500 гаруй буган хөшөө олдоод байгаагийн нэгэн хэсэг нь Ховд аймгийн Мөст сумын нутаг Бодончийн голын сав дахь Баянзүрхийн буган чулуун хөшөөд юм. Энэ хөндийд нийт 30 гаруй буган чулуун хөшөө байдаг. Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм.



БОДОНЧИЙН ХАВЦАЛ
///гарахыг.уулчид.царайг
Бодончийн хавцлаар урсах Бодонч гол нь Мөнххайрхан уулын хажуугаас эх авч урсах бөгөөд энэхүү голыг 8 гүүрээр гарч байж сая хавцлаас гардаг. Бодончийн голд тэмээ хад, хуц хад, нохой хад, сэнжит цохио, маань чулуу зэрэг аялагчдын сонирхлыг татах өвөрмөц тогтоцтой газрууд олон бий.

ЯМААН УСНЫ ХАДНЫ ЗУРАГ
///сүүгээр.сонины.сүрэгт
Алтай, Үенч сумын нутгийн заагт Заагт уул, Алаг тэхт уулын хоорондох өндөр цавчим хадан хясаагаар зааглагдсан хавцлыг “Ямаан усны хавцал” хэмээдэг. Уг хавцал нөмөр нөөлөг ихтэйгээс гадна хэсэг бусаг газартаа булаг шандтай тул нутгийнхан ихэвчлэн хаварждаг. Энд 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүнзгий хонхойлгон сийлсэн байдаг. Энд маш олон төрлийн зураг байдаг бөгөөд эдгээрээс хамгийн сонирхолтой нь дайн тулааныг дүрслэн үзүүлсэн зурагнууд, 4 морь хөллөсөн 8 хигээс бүхий дугуйтай сүйх тэргэн дотор сууж яваа хүн, тэрэгний өмнө, хойно тус бүр морь унасан хүн тэргийг хамгаалан явж байгаа зураг, мөн 29 үсэг бүхий түрэг бичээсүүд ихээхэн сонирхол татна. Гурвалсан морь хөллөсөн сүйх тэрэг дүрсэлж, сүйх тэрэгний өмнө талд нум саадаг агссан морьтой хүн, ар талд нь дагаж яваа морьтой хүн зэргийг урласан ажээ. Өгүүлэн буй зурагт сүйх тэрэгтэй нэгэн язгууртан заларч буйг маш тодорхой харуулсан байдаг. Энэхүү зураг нь чадварлаг уран дүрслэлтэйгээс гадна сүйх тэрэгний нум, арал, бүхээг, бүхээгний чимэглэл, гурвалсан морины зугуухан хатиралт зэргийг тов тодорхой харуулжээ. Судлаачид сайхь зургийг Хүннүгийн үед хамааруулан үздэг билээ.
ГУРВАН ХҮҮХЭД УУЛ
///эргэнэ.шилдэгт.бичээчид
Булган сумын нутагт сумын төвөөс 40-өөд км-т “Гурван хүүхэд” нэртэй гурван уул бий. Эх орны хилийн дагуух эдгээр уулсын тухай нутгийнхан сонин домог ярьдаг. Энэ нутагт гурван сайхан хүүхэнтэй нэгэн айл байжээ. Зуны нэг сайхан өдөр эгч дүү гурав Булган голынхоо усанд шумбаж байжээ. Гэтэл адуу хурааж явсан залуу хувцсыг нь аваад нуучихаж гэнэ. Тэр залууг хувцсыг нь нуусныг мэдсэн гурван бүсгүй үеийн үед чиний хажууд бид гурав энэ хэвээрээ байя, үүрд чи бид гурвыг харж хажууд минь бай, эгч дүү бид гурвын хэнтэй нь чи болзоо тавихаа эр болж төрсний хувьд чи мэд гэж хэлээд гурван уул болжээ. Хувцсыг нь нуусан залуу харамсаж өөртөө уурлаж уушгаа авч чулуудсан нь гурван хүүхэд уулнаас 40 км-т орших Уушигийн улаан уул, зүрхээ авч хаясан нь 100 км-т Зүрх улаан уул болон тогтжээ. Харин Гурван хүүхэд уулын хажууд Өнчин хүүхэд гэдэг жижиг улаан уул байдаг нь тэр залуу юм гэнэлээ. Гурван хүүхэд уул нь үнэхээр сонин тогтоцтой, хамгийн урд талын хүүхэд уулны нэлээд дээд энгэрээс жижиг булаг ундардаг байна.

ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
///хавчиг.дуутай.далайчид
Үзэсгэлэнт Үенч гол нь Монгол Алтайн сүрлэг уулсын томоохон хавцал болох Үенчийн хавцлаар урсаж Цагаан түнг хэмээх газарт хүрээд газар доогуур шургадаг. Энэ хавцал нь Улаан эргийн рашаан, Арслан толгой, Могой хад, Морин хад гээд олон зүйлийн өвөрмөц тогтоц үзэсгэлэнтэй газруудтай. Улаан эргийн рашаан: Хол ойрын хүмүүс ихээр ирж дотор эрхтэн, ходоод, цөсөө эмчлээд явдаг рашаан бий. Рашааны эргэн тойрон үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд энд өвөрмөц тогтоцтой хад чулуу, шинэсэн ой, марал буга, хойлог зэрэг амьтдаас гадна дэлхийд ховордсон ургамал ихтэй.

ХАРУУЛ ОВОО
///жаргах.дэлгүүрүүд.исэлдэл
Үенч сумын төвөөс 25 км-т д.т.д 1284 м өндөрт Жаргалан нэртэй уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламжийг Харуул овоо хэмээн нэрлэнэ. Овоо нь 3 үеэс тогтох бөгөөд доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж цамхаг хэлбэрийг олжээ. Овооны өндөр нь 10 м орчим, суурийн голч нь 7 м. Дурсгалын нэрний байдлаас нь авч үзэхэд уг байгууламжийг нутгийн хил хязгаарын тэмдэг юм уу, ямар нэгэн дохио тэмдэг болгох зорилгоор байгуулсан болох нь тодорхой. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжуудын нэг юм. Нутгийн ард олны дунд уг дурсгалтай холбоотой домог ярианы хэд хэдэн хувилбар байдаг. Эрт цагт уугуул нутгийн эцгийн ганц хүү нутаг усаа сайтар хамгаалж байсаар насан өөд болжээ. Нутгийн тэр эрийг оршуулахдаа хошууны ноёны зарлиг ёсоор үргэлж мөнхөд нутаг усаа хамгаалж байг хэмээн унадаг морь, анч нохой, бүх зэвсгийн хамт овооны дотор хийж бунхалсан гэдэг. Овоог босгохдоо Ар Жаргалантын голоос Харуул овоо хүртэл нутгийн иргэд нэг эгнээ болон зогсож зуурсан шавар, чулуу модыг гар дамжуулан уулын оройд гаргаж барьсан тухай хуучилдаг.


БУЛГАН ГОЛ
///томилолт.нойрны.удамшиж
Монгол Алтайн нуруунаас эх аван Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар 200 орчим км урсаж хил гарч Өлөнгөр нуурт цутгадаг. Булган гол нь үржил шимт хөрстэй учир нутгийн иргэд газар тариалан, жимс ногоо ихээр тариалдаг. 1960-аад оны үеэс Булган голд Азийн минжийг нутагшуулж, Булган голыг улсын хамгаалалтанд авсан. Булган гол нь Зүүнгарын цөлийн хойд хэсэгт хамрагдах бөгөөд энд Монгол оронд өөр хаа ч байхгүй амьтан ургамал бий. Тухайлбал, амьтдаас алтлаг хэлтэс, ердийн гүрц, зүүнгарын сугас, шаргал үхэрдэй зэрэг загас, азийн минж, ойн унтаахай, тойрмын хонин гүрвэл, ургамлаас залаархаг хавраг зэрэг болно. Булган голд хонхот харгана хэмээх ховор ургамал ургадаг.


БҮДҮҮН ХАРГАЙТЫН ТУЛГАРАЛТ
Бүдүүн харгайтын голын орчим, аараг толгодын дунд 1948 онд манай хилчид гоминданы зэвсэгт бүлэглэлээс эх орноо хамгаалах хүч тэнцвэргүй тулгаралт болж байсан газар бий. Хавцал уруудан дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлэг давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа “Эцсээ хүртэл тулалдана. Амьд баригдахгүй” хэмээн тушаагаад хүчээр хэдэн арав дахин илүү дайсны миномёт, пулемётын эсрэг тулалджээ. Эдгээр зоригт дайчдад зориулсан дурсгалын цогцолборыг энэхүү тулаан болсон газарт нь босгосон.

МЭЛХИЙ ХАД
///зүтгэж.эхлэнэ.тамирчин
Мөнххайрхан сумын нутагт сумаас баруун тийш орших Нарийн хаг хэмээх газарт 10 гаруй метрийн өндөртэй яст мэлхий хэлбэрийн хад байх ба харсан хүний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг.

МӨНХХАЙРХАН УУЛ
///нэрстэй.дааганы.гууль
Монгол Алтайн нурууны 2 дахь ноён оргил болох Мөнххайрхан уул нь д.т.д 4362 м өргөгдсөн, баруун-хойноос зүүн урагшаа 200 гаруй км үргэлжлэх бөгөөд өргөн нь 40-80 км орчим байна. Мөнххайрхан уул түүний орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд байгалийн цогцолборт газрын ангиллаар авсан. Энд маш олон байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүх соёлын дурсгалт зүйл байх бөгөөд эдгээрээс дурдвал Мөнххайрханы хүрхрээ, Буурал хайрхан, Хөх нуур, Долоон нуурын эхэн, Шуурхайн эхэн, Баянсай, Долоон нуурын улаан толгойн бичээс, Шуурхайн хүн чулуун хөшөө, Эмгэн хад, Бух хад, Мэлхий хад, Хар говийн хүн чулуу зэрэг болно.

ШУУРХАЙН ХҮН ЧУЛУУ
///өрнөлт.аялгыг.сураглав
Хүн чулууг цайвар шаргал боржингоор босоо хүний өндөртэй үйлджээ. Хөшөөний өндөр нь 112 см, мөрний өргөн нь 42 см, зузаан нь доод хэсгээрээ 20 см, эрүү орчимд 33 см. Толгойн орой хавтгай, малгай дүрсэлсний шинж тэмдэг үгүй. Хөмсгийг дугуйруулан товойлгож хооронд нь нийлүүлээд доош хамрын хянга болгон үргэлжлүүлжээ. Хөшөөний дүрслэл, эд юмс, онгоны байгууламжийн зохион байгуулалт зэрэг нь Түрэгийн үеийн дурсгал болохыг хөдөлбөргүй гэрчилнэ. Энэ нь манай оронд буй Түрэгийн хүн чулуун хөшөөдөөс хамгийн өндөрт байрлаж байна.

НЭВТИЙН РАШААН
///зээрэнцэг.давтаад.шингэдэг
“Нэвтийн рашаан сувиллын газар” нь Дуут сумын нутагт Цагаан бургас голын эхэнд байрлах бөгөөд аймгийн төвөөс 63 км. Энд 10 орчим төрлийн (бөөрний, ходоод гэдэсний, нүдний, толгойн, элэг цөсний, үе мөчний, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, зүрхний бумбатын) рашаанууд байдаг.


СӨРТИЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ
Сөртийн хөшөө нь эртний Түрэгийн үеийн дурсгал. Энэхүү дурсгал нь баруун өмнөөс зүүн хойш чиглэлтэй цувран байрласан 8 босоо чулуун хөшөө, хөшөөдийн урд 2 хүн чулуун хөшөө зэргийг наран ургах зүг харуулан босгосон байна. Энэ нь тахилгын байгууламжийг толгойлж байсан хүнийг төлөөлсөн байна гэж үздэг. Өмнө сайтар судалсан Түрэгийн хүн чулуун сонгодог цогцолборуудаас нэлээд өөр боловч энд буй тамганы хэлбэр, хүн чулуудын хийц загвар зэргээс үзэхэд Түрэг угсаатан овог аймгийн үлдээсэн дурсгал юм. Энэ дурсгал нь VII-VIII зууны үед холбогдоно.

ЦАМБАГАРАВЫН ХАДНЫ ЗУРАГ
Хар хадны зураг нь Ховд аймгийн төвөөс 90 орчим км зайд д.т.д 2025 метрийн өндөрт Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын өвөр сугад уулын урд энгэрийн толигор хаданд 10 орчим метрийн өндөрт байрлана. Энэ хаданд өөр өөр үед холбогдох нэлээд тооны зураг бий. Үүнд: олон салаа эвэртэй буга, том эвэртэй янгир, тэмээ, үнэг, нохой, хуягт морин цэрэг зэрэг болно. Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой нь хуягт морин цэргийн зургууд юм. Уг хаданд нийт 6 хуягт морин цэргийн зураг дүрсэлсэн байдаг бөгөөд Монгол оронд өөр газраас ийм зураг одоогоор олдоогүй болно.

ЦАМБАГАРАВ УУЛ
///холыг.хэмнэлийг.найрсаг
Цаст богд буюу Цамбагарав уул хөх манхан тэнгэрийн хөвөн цагаан үүлсийг тулж, наран сөрөг харахад шижир алтан туургатай, сийрс мөнгөн дээвэртэй сэрүүн сайхан орд харш лугаа адил гялалзана. Цамбагарав уулын мөнх цас, мөсөн голууд нь мөстлөг судлалын шинжлэх ухааны сонирхлыг зүй ёсоор татдаг учир олон улсын эрдэмтэд хамтран ажиллаж ирсний гадна туршилт судалгааны цэг байгуулжээ. Эгц цавчим сүрлэг хад, мөнх цас, мөсөн гол бүхий ноён оргилуудад нь манай орны төдийгүй олон улсын жуулчдын тэмцээн хэд хэдэн удаа явагдаад байна. Эрт үед эн уулыг өөлдүүд Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан уулынх нь өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээж түүнийгээ Цамба-гарав хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст хэмээх уулын оройд залснаас Цамбагарав гэж нэрлэх болжээ. Өөлдүүд 11 багтай байж, баг бүр Цамбагаравтаа зориулсан овоотой, овоо болгоноо лам нараар уншлага уншуулж тахидаг байжээ.


ЧАНДМАНЬ ҮЗҮҮРИЙН ХАДНЫ ЗУРАГ
Чандмань хар үзүүрийн хадны зургийг амьтдын биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохих, бүх талбайгаар нь хонхойлон цохиод, зөвхөн цээжний хэсгийг нийтэд нь хонхойлгон цохих зэрэг арга барилыг хэрэглэжээ. Чандмань хар үзүүрийн хадны зургийн гол сэдэв нь ан амьтны дүр дүрслэл юм. Тухайлбал, адуу, үхэр, буга, бух, аргаль, янгир, чоно, үнэг, могой, усны шувуу зэрэг амьтдын дүрийг сийлжээ. Амьтдыг тайван тогтуун байдалтай, ихэд сүрлэгээр дүрсэлсний зэрэгцээ тэдгээр амьтдын эр, эм хүйсийг тод томруун гаргахдаа басхүү сонирхолтой аргыг хэрэглэсэн байна.

ХОВД ГОЛ
Төв Азийн гадагш урсгалгүй ай савын гол мөрдийн дотроос хамгийн элбэг устай нь Ховд гол юм. Монгол Алтайн ноён оргил Таван богд уулын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос эх авч урсах Цагаан Ховд /Акау/, Хар Ховд /Каратыр/ голыг Ховд голын эх гэж үздэг. Энэ хоёр гол Хотон, Хоргон нууруудыг дайран олон гол горхи нийлүүлсээр Их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана. Шижигтийн хавцал: Энд Ховд гол хүрхрээ үүсгэн урсах ба булаг шанд элбэгтэй, өвс ургамал тэгширсэн байгалийн тогтоц байдлаараа сүрлэг үзэсгэлэнтэй, цавчим гүн хавцал юм. Шижигтийн хавцалд адал явдалт тусгай сонирхлын аяллыг зохион байгуулах боломжтой бөгөөд 2013 онд “Их Алтай” спорт-аялал жуулчлалын олон улсын анхдугаар их наадмыг зохион байгуулсан.

АЛТАН ХӨХИЙ УУЛ
///суулаа.дамнах.сонголтыг
Алтан хөхий уул нь Хархираа, Сийлхэмийн мужийн баруун өмнө хэсэгт, уулзүйн гарал үүслийн хувьд Монгол Алтайн мужид хамаарагдан Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан 60 мянга орчим га нутгийг хамран орших үзэсгэлэнт байгальтай бие даасан томоохон нуруу юм. Энэ нуруунд 5 зүйл хэвлээр явагч, 127 зүйл шувуу, 42 зүйл хөхтөн амьтад бүртгэгдсэн.
Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж,...
“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" - ын нээлтийн үйл ажиллагаа...
“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" зохион байгуулагдаж...
“Монгол Улсын аварга” цолны хүндэтгэлийн наадам,...